Posts

Шүлэг

Нандин учралыг хүлээсэн хонгор зүрхний гүнд Намрын салхинд жиндсэн тийм нэгэн дүр бий Насны багад учраагүй амрагийн цэнхэр харгуйд Нартад ганцхан заяах хайрын гэгээн совин бий Итгэлийн гэрэлтэй ханийн сэтгэлийн сайханд шүтэж Ийм нэгэн амьдралын жаргалын дээдийг эдлэх гэж Ирээ нь үгүй цагийн тохиол мөчийг дөтөлж Ирмэх нүднийх нь харцыг сэтгэлдээ зуран мөрөөднө. 2018.12.18

Нандин

Болзоондоо ямар их яардагийг чи анзаардаг уу Бодолдоо нүдэн дээр чинь зөөлөн үнсдэгийг мэдэх үү Хан тэнгэрийн хамгийн үзэсгэлэнт од миний дэргэд буугаад Хамаагүй хүрвэл буцчих юм шиг санагддаг чи тийм л нандин Инээхийг чинь харах би ямар их дуртай гээч Эгцлээд ширтэхэд чинь цаг хугацаа зогсчихдог Чамруу тэмүүлсэн нэгэн зүрх цээжинд булиглаад Цаг нь болсон одоо намайг түүнд өг гэж гуйна, чи тийм л хүчтэй 2018.02.04

Чамайгаа сайн явахыг харах сайхан

Чанадын алс дахь дурсамжаа сэдрээж нууцхан нэг гуньчихаад Чамлаж түлхсэн гэнэн тэнэг өөрийгээ нэг голчихоод Чаддагсан бол цуг хугацааг ухраахсан гэж боломжгүйг нэг бодчихоод Чамайгаа сайн явахыг харах сайхан

Надад битгий гомдоорой

Нэгэн цагт хуурай ах минь явсан тэр хүн Нэг л мэдэхэд өстөн дайсан болсон байлаа Итгэж явсан нөхөрлөж явсан цаг мөчүүд Эргээд бодоход түүний жүжгийн тайз байжээ Алтыг нь аваад авдрыг нь хаяхын үлгэрээр Ашиглаад хаясан олон залуусынх нь хэд дэх нь би бол Ахыгаа гэж хүндэлж явсан дүү нараасаа Атаатнаа болгосон хэд дэх хүн чинь би бол Шударга бусыг хийлгэх гэж оролдсоных нь хариуд Шулуухан үгүй гэснээрээ би буруутсан Шувуу шиг эрх чөлөөтэй омголон намайг Шунал хувийн эрх ашигтаа хутгах гэж оролдсон Алгын чинээ эмэгтэйн эсрэг бусдыг турхирч Ард нь бүх хорыг та найруулж байсан Энгэрээс нь сүү асгардаг эмэгтэй хүн шүү дээ тэр чинь Ээж, эхнэр, охиноо оронд нь тавиад нэг үзээч Олны дунд нэр муутайг чинь мэдэх ч Овлигогүй муу үгсээс хамгаалж явдаг байсан Онож нэг удаа тус болсныг чинь хүндэлж Олон жилийн уртад өөрийн хүчээ өргөсөн Тиймээс одоо би танд өргүй Тэрийг барь гээд туудаг нохой чинь би биш Тэнэг бацааныг яаж ч болно гэж бодсон бол Тэр чинь харин том эндүүрэл...

Уучлал

Эвлэсэн хайрын минь эзэн нь юмсан даа Энүүхэн замаас буцлаа гэж үү дээ Эргэсэн сэтгэлийг дуудсан л юмсан даа Ирэх замыг нь хайраар тосьё доо Төөрөг тавьлангийн эзэн нь юмсан даа Төдхөн удалгүй буцлаа гэж үү дээ Төрсөн итгэлийг тээсэн л юмсандаа Мөдхөн чамайгаа хайраар угтая даа Амраг сэтгэлийн минь эзэн нь юмсан даа Аргагүй ингээд буцлаа гэж үү дээ Андуурч чамайгаа таниагүй л юмсан даа Замдаа ухаарч эргээд ирээрэй, сэтгэлийн эзэн минь.

Юуны төлөө

Завгүй амьдралаар мянган зовлонгийн шалтгааныг түр зуур аргалаад Зах нь үл харагдах задгай тэнгис дунд даруулгүй хөвсөөр Аяа хорвоо чамаас авч чадахгүй зүйлс хичнээн их юм бэ Авдран дахь нууцаа дэлгээч чи надад ямар тавилан бэлдсэн бол? Арчаагүй зангаа үйлийн үртэй холбож хэсэг бултлаа Аавдаа гоморхож зүрхээ урж хэсэг цалгиллаа Андынхаа гэрээс аз жаргалын үнэрийг саяхан л мэдэрлээ Ай би юуны төлөө амьдарч явсан юм бэ Цалгиад л, долгиод л, туучаад л үүнд ямар зорилго байгаа юм бэ Цаана нь гарахад яг юунд хүрсэн байх юм бэ Олж цуглуулсан бүхний үнэ цэнэ юу юм бэ Орчлонд яг юуны төлөө амьдарч байна вэ?

Чамдаа би яаж хүрнэ вэ

Одоо л чамайг өөрийн болгохгүй юм бол Ондоо нэгэнд алдах гээд байх шиг Орчлонд чиний л төлөө төрсөн юм шиг Оргилсон их хүсэл зүрхний гүнээс төрөх юм Зөн совингийн чанадаас энэ заяаны хань чинь гэж шивнээд Зөрүүдхэн сэтгэлийн гүнээс үгүй би түүнтэй л сууна өөр хэнтэй ч биш гэж гөжүүдлээд Зөвхөн чамайг л авчихвал хүслийн минь дээд биелэх гээд Зөндөө хайсан эрдэнэ хамгийн ойр байх шиг мэдрэмж төрөх юм Чамдаа нэгэнт сэтгэлийн жолоогоо алджээ Чаддагсан бол шууд л хайрт минь гэж дуудмаар Чанга тэврээд би чамд хайртай гэж шивнэмээр Час халуунаар уруул дээр чинь үнсмээр... Гэтэл би ядаж хацар дээр нь үнсчихэж чадахгүй юм Гэрт нь очоод хаалгыг нь тогшиж зүрхлэхгүй юм Гэгэлзэн байж уулзах уу л гэж асуух юм Гэнэн тэнэг, аргагүй, арчаагүйн туйл байх юм Энэ их сэтгэлээ яаж чамдаа ойлгуулах вэ Эр хүн чинь болохын тулд ямар түлхүүр хэрэглэх вэ Ээдрээт орчлонгийн харгуйд яаж зам нийлэх вэ Энхрийхэн минь чамдаа би яаж хүрэх вэ?