Чамдаа би яаж хүрнэ вэ

Одоо л чамайг өөрийн болгохгүй юм бол
Ондоо нэгэнд алдах гээд байх шиг
Орчлонд чиний л төлөө төрсөн юм шиг
Оргилсон их хүсэл зүрхний гүнээс төрөх юм

Зөн совингийн чанадаас энэ заяаны хань чинь гэж шивнээд
Зөрүүдхэн сэтгэлийн гүнээс үгүй би түүнтэй л сууна өөр хэнтэй ч биш гэж гөжүүдлээд
Зөвхөн чамайг л авчихвал хүслийн минь дээд биелэх гээд
Зөндөө хайсан эрдэнэ хамгийн ойр байх шиг мэдрэмж төрөх юм

Чамдаа нэгэнт сэтгэлийн жолоогоо алджээ
Чаддагсан бол шууд л хайрт минь гэж дуудмаар
Чанга тэврээд би чамд хайртай гэж шивнэмээр
Час халуунаар уруул дээр чинь үнсмээр...

Гэтэл би ядаж хацар дээр нь үнсчихэж чадахгүй юм
Гэрт нь очоод хаалгыг нь тогшиж зүрхлэхгүй юм
Гэгэлзэн байж уулзах уу л гэж асуух юм
Гэнэн тэнэг, аргагүй, арчаагүйн туйл байх юм

Энэ их сэтгэлээ яаж чамдаа ойлгуулах вэ
Эр хүн чинь болохын тулд ямар түлхүүр хэрэглэх вэ
Ээдрээт орчлонгийн харгуйд яаж зам нийлэх вэ
Энхрийхэн минь чамдаа би яаж хүрэх вэ?

Comments

Popular posts from this blog

ЭМЭЭДЭЭ ӨРГӨХ ШҮЛЭГ

Совин

Бүү тэмүүл