Posts

Showing posts from November, 2017

Уучлал

Эвлэсэн хайрын минь эзэн нь юмсан даа Энүүхэн замаас буцлаа гэж үү дээ Эргэсэн сэтгэлийг дуудсан л юмсан даа Ирэх замыг нь хайраар тосьё доо Төөрөг тавьлангийн эзэн нь юмсан даа Төдхөн удалгүй буцлаа гэж үү дээ Төрсөн итгэлийг тээсэн л юмсандаа Мөдхөн чамайгаа хайраар угтая даа Амраг сэтгэлийн минь эзэн нь юмсан даа Аргагүй ингээд буцлаа гэж үү дээ Андуурч чамайгаа таниагүй л юмсан даа Замдаа ухаарч эргээд ирээрэй, сэтгэлийн эзэн минь.

Юуны төлөө

Завгүй амьдралаар мянган зовлонгийн шалтгааныг түр зуур аргалаад Зах нь үл харагдах задгай тэнгис дунд даруулгүй хөвсөөр Аяа хорвоо чамаас авч чадахгүй зүйлс хичнээн их юм бэ Авдран дахь нууцаа дэлгээч чи надад ямар тавилан бэлдсэн бол? Арчаагүй зангаа үйлийн үртэй холбож хэсэг бултлаа Аавдаа гоморхож зүрхээ урж хэсэг цалгиллаа Андынхаа гэрээс аз жаргалын үнэрийг саяхан л мэдэрлээ Ай би юуны төлөө амьдарч явсан юм бэ Цалгиад л, долгиод л, туучаад л үүнд ямар зорилго байгаа юм бэ Цаана нь гарахад яг юунд хүрсэн байх юм бэ Олж цуглуулсан бүхний үнэ цэнэ юу юм бэ Орчлонд яг юуны төлөө амьдарч байна вэ?

Чамдаа би яаж хүрнэ вэ

Одоо л чамайг өөрийн болгохгүй юм бол Ондоо нэгэнд алдах гээд байх шиг Орчлонд чиний л төлөө төрсөн юм шиг Оргилсон их хүсэл зүрхний гүнээс төрөх юм Зөн совингийн чанадаас энэ заяаны хань чинь гэж шивнээд Зөрүүдхэн сэтгэлийн гүнээс үгүй би түүнтэй л сууна өөр хэнтэй ч биш гэж гөжүүдлээд Зөвхөн чамайг л авчихвал хүслийн минь дээд биелэх гээд Зөндөө хайсан эрдэнэ хамгийн ойр байх шиг мэдрэмж төрөх юм Чамдаа нэгэнт сэтгэлийн жолоогоо алджээ Чаддагсан бол шууд л хайрт минь гэж дуудмаар Чанга тэврээд би чамд хайртай гэж шивнэмээр Час халуунаар уруул дээр чинь үнсмээр... Гэтэл би ядаж хацар дээр нь үнсчихэж чадахгүй юм Гэрт нь очоод хаалгыг нь тогшиж зүрхлэхгүй юм Гэгэлзэн байж уулзах уу л гэж асуух юм Гэнэн тэнэг, аргагүй, арчаагүйн туйл байх юм Энэ их сэтгэлээ яаж чамдаа ойлгуулах вэ Эр хүн чинь болохын тулд ямар түлхүүр хэрэглэх вэ Ээдрээт орчлонгийн харгуйд яаж зам нийлэх вэ Энхрийхэн минь чамдаа би яаж хүрэх вэ?