Posts

Showing posts from October, 2017

Д.Наранбаатартаа

Унаж босохын тэмцэлд ургаж яваа мод Уярах гомдохын тэнцэлд хатуужиж байгаа чулуу Зөөлөн цалгим сэтгэлийг бусдад цацсан агаар Зөн билгийн онгодоор авъяасаа тэтгэсэн ус Тэр хүнийг Наранбаатар гэдэг Тэнгэрийн дор нэртэй, төртэй, зартай эр хүн

Аавдаа

Аавын тухай дуу сонсохоор Аньсага чийгтээд багтардаг байлаа Дэрээ норгосон шөнө бүрийдээ Дэндүү их санасан шүү би аавыгаа Ижийдээ нулимсаа үзүүлэхгүй гэж Энүүхэндээ хүү нь чанга өслөө Ганц дүүгээ бусдаас өмөөрч Гар зөрүүлж хичнээн ч үзэв дээ Амьдын хагацал үзсэн зүрх Арван хэдэн жил нулимсаар бялхав ч Амьдрал чи юутай баян бэ Аав хүү уулзах тавьлантай байжээ Багтарч ядсан зүрхээ базаад та минь уйл Багын минь төрхийг санаж байна уу ааваа Данхар хүү чинь байна шүү дээ би Дахиад хүүгээ битгий орхиорой. Намба сууж эр хүн болохын цагтаа Насны алдааг чинь уучилсан хүү нь Ухаант ардынхаа үгэнд зөөлрөөд Уучлахгүй байж чадсангүй би. Залуу насаа та надаас харж байна уу Замбуулинд таныхаа дутууг гүйцээж явна ууган хүү нь

Хүрч чадамгүй анхны минь хайр

Бодлын дундуур урсах цаг хугацааны манан замхарч Богинохон хайрын түүхийг нүдний өмнө тольдоход Цэн цэнгийн нулимс цээжний гүнээс ундарч Чиний төлөө явсан сэтгэл нялхраад болохгүй нь Айлын бэр болсон чиний хонгор сургийг Арвантаа буцах шувуудын бүүвэйн дуунаас сонслоо Дуу дууны дотроос үл мартагдах нэгэн аялгуу Дурдатгалын гэгээн салхиар зүрхэн тушаа эгшиглэлээ Сайхан бүхний илрэл үүрдийн гэгээ чамдаа Сайны дээдийг хүсч сүүн цацал өргөнөм би Саахалт айлын зайтай ч туулаад хүрэмгүй чамдаа Санахын тунгалаг алсаас зүүдэн хүлгээр хүрнэм би

Чамдаа

Домог амилах мэт тэнгэрийн гүнж айлсаад Дотоод сэтгэлийн гүнээс хайр хүсэн эрхэлнэм Мянган жил зүйрмэглэсэн хүдэр чулуун зүрхэнд Маралын гялаан гялбаж дурлалын оч аснам Бодлын үзүүрт тодрох тэр бүсгүйн үзэсгэлэнг Бороотой намрын өдрүүд ямар их чимнэ вэ Салхины аясаар хийсэх гил хархан үсэнд нь Санасан сэтгэлийн минь үнэр ямар их шингээ вэ Чиний эрэлд бэдрээд олоогүй өдрүүдийн тоогоор Чихэр шиг амтат үгсийг нүдний чинь харцанд шивнэе Хаврын шувууд ирэхийг хүлээсэн мөчийн тоогоор Хамгийн сайхан тэврэлтийг харамгүй чамдаа өгье Тодорч ирэх тавьлангийн түмэн нугачаан дундаас Торомгор нүднийх нь харцыг амжиж олж харав Эрх танхил түүнийхээ зүрхний тольтон дотроос Энэ биеийнхээ талыг түрүүлж олж харав Хайрын хүлгэндээ мордоод ташуур нэмье чиний зүг Халуун сэтгэлийн жолоогоо чамдаа л атгуулья миний үг. 2017.09.02

Мартдаа

Зүүдний төгсгөлд чамайг бодон сэрээд Зүг зүгийн тэнгэрт үйлсийг чинь даатган залбирдаг Зүрхний гүнд үлдсэн хайрын дурсамжаа сэдрээж Зүйрлэх ижилгүй чамдаа сайн сайхныг хүсдэг Сайн уу гээд чиний мэндийг асуумаар санагдавч Салж хагацсан зүрхэнд нь шаналал мэдрүүлэхээс айх юм Санаж байна гээд уулзаж ярилцмаар бодогдовч Сайхан чинийхээ сэтгэлийг дахиад зовоохоос эмээх юм Мартдаа чи минь март Магадгүй би хэн ч биш болоод үлдэг Маргааш, нөгөөдөр дахиад өдрүүд үргэлжилнэ Миний гэсэн бүхэн мартагдаж, дурсамж болж үлдэнэ. 2017.10.20